top of page

Ухаарлын 7 хоног #11 - Бүхний дээд хүмүүн төрөлхтөн

Бүгдээрээ нэг сорил явуулцгаая. Уншигч та дотроо төсөөлөөрэй. Бэлэн үү?

Эхэлцгээе.

"Дэлхий дээр хамгийн сүүлийн хүн үлджээ. Тэр удахгүй үхнэ. Тэр удахгүй үхэхээ бас дэлхий дээр өөр ямар ч хүн үлдээгүйг мэднэ. Түүнийг үхсэний дараа зөвхөн микроб, бактери, хэдэн хэвлээр явагчид болон ургамлууд үлдэх болно. Түүний толгойд нэг бодол зурсхийн орж ирэв: 'Би үхэхийнхээ өмнө хамгийн сүүлийн царс модыг тайрч хаячихаад үхвэл сайхан байна шүү дээ' гэж бодов. Энэ хүн царс модыг сэтгэл ханамжийнхаа төлөө тайрч хаях нь зүй ёсны хэрэг үү?"

Энэ хүнийг үхсэний дараа ямар ч хүн дэлхий дээр үлдэхгүй тул түүнийг буруу зүйл хийлээ, зөв зүйл хийлээ хэмээн шүүх хүн байхгүй. Хоёрдугаарт, энэ хүний хийсэн үйлдлээс болж өөр ямар ч хүн хохирохгүй юм. Тэгвэл цааш уншихынхаа өмнө ёс зүйн хувьд энэ үйлдэл зүгээр эсэхэд хариултыг дотроо өгөөрэй. Тийм бол яагаад? Үгүй бол яагаад?

Хэрвээ та тийм гэж хариулсан бол маш олон хүн тантай санал нэг байгаа. Та байгалийг хүн төрөлхтний хэрэгцээг хангадаг зүйл гэж үздэг бололтой. Харин үгүй гэсэнбол та байгаль өөрийн гэсэн дотоод үнэ цэнэтэй гэдэгт итгэдэг юм байна. Та хүний амьдралаас гадна байгалийг мөн амьтай хэмээн хардаг бөгөөд бусад организмууд амьдрах эрхтэй гэж боддог бололтой.

Блогийн фото зурагчин Б. Хангай

Follow on Instagram: hann.bold.cr2

Энэ долоо хоног миний хувьд тархиа гашилгасан өдрүүдээр дүүрэн байлаа. Үнэхээр сайхан өдрүүд.

Нэг уншигч маань ингэж бичсэн байна:

"Байгал дэлхий ан амьтан араатан жигүүртэн бүгд л хүнийг амьдруулах нөхцлийг бүрдүүлэхээр л заяагдсан зүйлс..."

Байгаль тэр чигээрээ хүний амьдралын тусын тулд л оршин тогтнодог гэж үү? гэх асуултын хариуг олох гэж хичээлээ. Ямартай ч би өнөөдөр өөрийн 7 хоногийн турш бодсоноо эцэслэн дүгнэлтээ та бүхэнд хүргэе!

Дүгнэлт. Ихэнх хүмүүс зөвхөн хүн л дотоод үнэ цэнэтэй, харин бусад нь хэрэглээний л үнэ цэнэтэй гэж үздэг юм байна. Жишээ нь мөнгөн дэвсгэрт бол өөрөө ямар ч дотоод үнэ цэнэ гэж байхгүй, үүнийг үнэ цэнэтэй болгож байгаа зүйл нь хүний хэрэгцээг хангах эд зүйлсийг худалдан авах чадвар юм. Харин тэр хэрэглээний үнэ цэнээ алдах мөчид мөнгөн дэвсгэрт ямар ч үнэ цэнэгүй болох юм. Иймээс мөнгөн дэвсгэрт хэрэглээний л үнэ цэнэтэй зүйл. Бид нар амьтад руу хамаагүй чулуу шиднэ. Харин бид хүн рүү чулуу шидэх бол ёс зүйн хувьд буруу. Өөрийн чинь хувьд хичнээн үнэ цэнэгүй, таны үзэн яддаг хүн байлаа ч тэр хүн рүү чулуу шидэх нь буруу гэдгийг бид мэддэг. Учир нь тэр хүн ердөө байгаагаараа дотоод үнэ цэнэтэй аж.

Харин яагаад тэр вэ? Би дээрх санал үлдээсэн уншигчийг миний дараах аргументуудыг анхааралтай уншаасай хэмээн хүсч байна.

Уг уншигчийн бичсэнээр "Байгаль бол хүнийг амьдруулах нөхцлийг бүрдүүлэхээр л заяагдсан зүйл". Нэгдүгээрт баримт гарч ирэх хүртэл би энэ үгэнд хэзээ ч итгэхгүй. Ихэнх хүмүүс тэгэж бодлоо гээд тэр ёс зүйн хувьд зөв байх албагүй. Түүхэнд боолчлолын систем байсан, хүн төрөлхтөн дэлхийг хавтгай гэж боддог байсан. Ихэнх хүмүүс нэг зүйлийг зөв гэж итгэдэг байлаа гээд, эсвэл уламжлалд маань байдаг гэдэг факт нь тухайн зүйлийг ёс зүйн хувьд зөв гэж дүгнэлт өгөхөд хангалтгүйгээр зогсохгүй оргүй худал байхыг үгүйсгэхгүй.

Дээрх аргументийг үргэлжлүүлээд хүнийг амьтдын хамгийн ухаалаг дээд амьтан буюу бусад амьтдаас ялгаруулах цор ганц зүйл бол хүний оюун ухаан гэх аргументийг хүмүүс дэвшүүлдэг. Магадгүй хүмүүс байгалийг өөрсдөд нь "заяагдсан" хэрэглүүр гэж харахад энэ санаа ихээхэн нөлөөлдөг болохыг үгүйсгэхгүй. Энэ нь "Хүн бусад ямар ч амьд биетээс илүү ухаантай, тиймээс бид байгальтай яаж харьцахаа өөрсдөө шийднэ" гэх үзэл юм. Харин миний дэвшүүлэх эсрэг аргумент бол хүн бүр ухаалаг байдаггүй. Шийдвэр гаргах ямар ч чадваргүй тархины саажилттай, сэтгэцийн эмгэгтэй маш олон хүн бий. Үүн дээр нэмээд жаахан хүүхдүүд бие даан шийдвэр гаргах чадваргүй, насаараа сэтгэцийн өвчтэй, команд орсон хүн ч шийдвэр гаргах чадваргүй. Маш олон хувь нь "ухаалаг" категорт багтаж магад, гэхдээ бүгд тийм биш. Гэсэн хэдий ч бид нар тэдгээр хүмүүсийг цөмийг нь адилхан эрхтэй гэж үздэг шүү дээ. Тэгэж бодохоор зөвхөн "ухаантай учраас" гэх аргумент тийм ч оновчтой биш, байгалийг өөрийн дураар ашиглахад хангалттай байж чадахгүй байна. Ухаанаар нь ялгавал амьтад ч мөн нэг шүхрэн дор харъяалагдах ёстой.

Бид шийдвэр гаргах ямар ч чадваргүй хүмүүсээ адилхан эрхтэй гэж хамгаалж байгаагаа "ёс зүйтэй" хэмээн нэрлэдэг. Тэгвэл шийдвэр гаргах хангалттай "ухаантай" биш амьтдыг хамгаалахгүй байгаа нь "ёс зүйгүй" хэрэг байх ёстой.

Магадгүй эсвэл хүмүүс зүгээр л "хүн" гэдэг амьтны төрөл зүйлийн нэг хэсэг учраас адилхан эрхтэй байгаа юм шиг байна. Энэ ер нь харагдах байдлын тухай асуудал болж байна уу? Та бусад шигээ харагдаж байгаа учраас адилхан эрхтэй байна. Гэхдээ энэ яг л ялгаварлан гадуурхалт шиг надад сонсогдоод байна. Арьс өнгө, хүйс бол харагдах байдлын тод жишээ. Тэгвэл бид хүйс, арьс өнгөөр ялгаварлан гадуурхахыг буруу гэж үздэг шүү дээ. Амьтдыг хүн шиг харагдахгүй байгаагийн төлөө ялгаварлан гадуурхаж байгаа "ёс зүйгүй" хэрэг үү?

Сүүлийн аргумент бол "Хүнд ашиг сонирхол гэж байдаг. Харин амьтан ургамалд тийм ашиг сонирхол байдаггүй. Тэгэхээр тэдний юу хүсч байгааг бид мэдэх аргагүй учраас ашиг сонирхолтой бүлгийн эрх ашгийг бид эхлээд хангах хэрэгтэй".

Энэ аргумент ч бас худал зүйл. Амьтан ургамал ашиг сонирхолтой төдийгүй тэдгээрийг мэдэх бүрэн боломжтой. Ургамлууд нарны өөд тэмүүлж бие биетэйгээ өрсөлддөг, өвсөн тэжээлтэн амьтад махчин амьтдаас зугтаадаг. Бид бүгд л амьд гарахын төлөө тэмцэгчид. Усан дахь хүчилтөрөгчийн дутагдал загасанд муу, хүчиллэг бороо модонд муу гэдэг ч нууц биш. Тэгэхээр өөрөөр хэлбэл хүмүүс амьтан ургамлын ашиг сонирхлыг мэдсээр байж тэднийг үндсээр нь устгаж хэргээр өөрийн ашиг сонирхлыг дээгүүр тавьдаг болж байна. Гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн компаниуд амьтан дээр туршилт хийдэг хэрнээ хүн дээр туршилт хийдэггүй. Амьтны ашиг сонирхлыг мэдэхгүй гэж байгаа бол яс яривал өлгийтэй хүүхдийн ч ашиг сонирхлыг мэдэх аргагүй. Тэглээ гээд хүүхдийн амьдрах орчныг дэлбэлж хаячихаад гэмгүй царайлаад суудаггүй билээ бид.

Эдгээр зүйлсийг ер нь бид бодож байх хэрэгтэй л юм. Учир шалтгааныг нь бодолгүйгээр, үнэн худлыг дэнслэхгүйгээр хэтэрхий олон шийдвэрүүд гараад байна. Сэтгэгдлээ үлдээсэн тэр уншигчдаа талархаж байна. Гэхдээ бидний сайн сайхныг л хангах гэж "байгаль заяагдсан" гэх аргумент цаанаа яг ямар баримт нотолгоотой юм бэ? Хэн бид нарт "заяачихсан" юм? Заяасан гэх нотолгоо нь хаана байна? Ийм асуултуудад хариулт өгсний дараа би хэлсэн үгээ эргэн нэг харах болно. Харин миний асуусан асуултуудад хариултыг өгснөөр ямар шийдвэр зөв болох нь илүү тодохой болох юм.

Харин үнэн зүйлийг хүн няцааж болдоггүй юм.

Энэ 7 хоногийн ухаарлын жагсаалт:

Жагсаалтан дээр дарж үзнэ үү.

Дараагийн 7 хоногт нийтлэлээ подкаст хэлбэрээр хүргэе гэж тооцоолж байна. Дэмжиж байвал сэтгэгдлээ "Шууд Холбогдох" хэсэгт үлдээгээрэй!


Tag Cloud

Нийтлэлээ имейлээр хүлээн аваарай!

Бүртгүүлэх:

Email

  • Facebook Social Icon
  • Instagram Social Icon
  • SoundCloud - Black Circle
Намайг дэмжээрэй!
Онцгойлох нийтлэл

Zaya Delgerjargal

I study Environmental Studies and Economics at University of Washington.

I write, read, dance, and sing.

  • Instagram Social Icon

No Impact Man

Зохиогч: Colin Beavan

Байгаль орчинд хэрхэн ээлтэй амьдрах

Speaker: Elizabeth Gilbert

Ted talk: Хэрхэн дарамт өөртөө учруулахгүйгээр бүтээлч сэтгэлгээтэй байх

Монгол Улсын Түүх

Зохиогчид: МУИС-ийн Түүхийн Тэнхим

Их сургуулийн оюутнуудад зориулсан сурах бичиг

Please reload

Энэ 7 хоногийн ухаарлын жагсаалт
bottom of page