top of page

Ухаарлын 7 хоног #8 - Бүрхүүл минь дэндүү хэврэг | 2018 оны зорилго

Энэ 7 хоногийн влогийн агуулга: Гадаад үзэмж болон дотоод дайн

Хүмүүсийн хэлдэг шиг аав, ээжийн мундаг охин байхсан. Хийж байгаа бүх зүйлдээ шилдэг нь байхсан . . . Сэтгэл амар байхсан. Нээрээ л сэтгэл амар байхсан даа... Санаагаа бага зовоохсон...

 

Шинэ жилийн өмнө бичиж тавьсан зорилгуудаа би энэ жил ихэнхийг нь биелүүлчихжээ. Зоригтой байж. Дайчин байж... Ухаарлын 7 хоног блогоо хүртэл нээгээд амжиж. Гэхдээ он гарахын өмнөх сар үнэнийг хэлэхэд сэтгэл минь нэг л тавгүй байв. Бүр зорилгуудаа огт биелүүлээгүй мэт сэтгэгдэл төрөөдөхлөө. Уншигч танд тийм мэдрэмж төрж байсан уу? Олзтой юм шиг мөртлөө гарзтай юм шиг тийм тавгүй мэдрэмж?

 

НЭГ Л ЗҮЙЛ БИШ БАЙНА.

Иогоор хичээллээд яг 18 сар болж байна. Дундаа завсарласан ч үгүй. Анх би өөрөө сонирхож хичээллэсэн юм. 12-р сар... Оны хамгийн сүүлийн сар. Иогийн хичээл дээр бодлоо ажиглав. Иймхэн сунгалт хийж байхад яагаад өвдөөд байгаа билээ... өвдөх ёсгүй... Миний сунгалт яачихаа вэ... Илүү сунах ёстой... Гэхдээ илүү сунаж чадсангүй.

12-р сар... Оны хамгийн сүүлчийнх. Илтгэлээ тавих болов. Илтгэл дундаа гэнэт хэлэх гэснээ мартчихав. Толгой доторх нэг л бодол над руу хүчтэй хашгирна. "Юу болоод байгаа юм бэ, чи хэзээ үгээ мартаж байлаа!"

Би нэг л биш байв. Иогийн хичээл бол миний өөрийгөө шүүмжилдэггүй цор ганц газар юм. Бодлоо зөвхөн ажиглана, тайвширна, бясалгана. Гэхдээ би өөрийгөө шүүмжлэхгүй байж чадахгүй байснаа сая анзаарлаа. Илтгэл тавихдаа би ердийнх шигээ сандраагүй, ярих зүйлээ мэдэж байсан хэрнээ мартах... Энэ нь хэвийн зүйл биш бөгөөд анх удаа өөрөө өөрийнхөө яриаг тасалсан хэрэг боллоо.

2017 оныг би шударгаар тодорхойлъё. Хэтэрхий их ачаалалтай жил. Өөр дээрээ ачаалал нэмэх миний л санаа байсан юм. Эцэст нь тэмүүлж байсан зорилгодоо хүрсэн ч хоолны дуршил буурч, жин хасч, өөрийн хамгийн сайн хийж чаддаг зүйлсээ стресснээсээ болж хамгийн муу хийж үзсэн жил байв. Олны өмнө гарахдаа хэзээ ч үгээ мартах дээрээ тултлаа стресстэж байсангүй. Энэ бол миний тодорхойлсноор хөлөө тайруулсан бүжигчний мэдрэмж ажээ...

СУРГАМЖ#1

Зорилгодоо ХҮРСЭН ЭСЭХ хамгийн чухал нь биш. Хамгийн чухал нь ЯАЖ ХҮРСЭН нь.

Оны сүүлчийн сарыг хүмүүс дараа жилийнхээ ажлыг төлөвлөж энэ жилийнхээ хийснийг дүгнэх сар гэж нэрлэдэг нь онов. Хэзээнээс иогийн хичээл дээр өөрийгөө шүүмжилдэг болчихоо вэ? Анхнаасаа фитнес клуб биш иог сонгосон нь сэтгэл санаагаа тайван байлгаж, оюун бодлоо цэгцлэхэд байсан. Биеийн галбир болоод сунгалт гэдэг зүйл санаанд ч ороогүй зүйл. Харин одоо тийм өчүүхэн, жижиг сажиг зүйлд анхаарлаа сатааруулж, гол зорилгоо таг мартаж орхижээ.

Эрүүл биед саруул ухаан оршино. Энэ үгэнд би итгэдэг ч энэ удаа арай л чадахгүй нь. Энэ жил миний хувьд саруул ухаанд эрүүл бие оршихоор жил байлаа. Стресс гэдэг зүйлд идэгдэхээ шахсан миний бие хоолоо хоолойгоор давахгүй болтол намайг туйлдуулсан тул ухаанаа хамгийн түрүүнд саруул байлгах зорилгыг 2018 онд тавьж байна.

Блогийн фото зурагчин: Б. Хангай

Instagram: hann.bold.cr2

Энэ иогийн зургийг хэргээр авахуулсны дараа би өөр 1 зүйл бас нэг л биш байгааг анзаарсан юм. Гадаа цас орчихсон 12-р сар. Өмссөн хувцаснаас минь харвал тийм ч хүйтэн биш байгаа бололтой. Гэхдээ үнэнийг хэлье. Хоёр хоногийн өмнө унасан цас нь хайлаагүй тэр өдөр хүйтэн байсан юм. Сиатл чийглэг уур амьсгалтай тул салхитай салхигүй хувцас нэвт хүйт дааж байсан. Тийм ээ, хүн хүсвэл яаж ийж байгаад ийм хүйтэнд даарч хөрч, ер нь яаж ч байсан гаднаа яагаа ч үгүй мэт харагдаж, иогийн энэ байрлалд амар амгалан дүр үзүүлж болж байна. Гэхдээ харамсалтай юм... Би дотроо үнэндээ даарсан хөрсөн, халаалт хийгээгүй байж байгаад хийсэн сунгалтаасаа болж дотроо чимээгүйхэн таагүй мэдрэмжээр дүүрэн байв. Тэгээд эцсийн эцэст юуны төлөө?

СУРГАМЖ #2

Харагдаж байгаа гадаад үзэмж, дотоод сэтгэл хоёр нэг чигт биш байхад би дургүй. Гэвч энэ зүйл бүх хүнд тохиолддог. Ер нь хаашаа яваад байгаагаа амьсгаа авах цаг гаргаж нэг тунгаах хэрэгцээ бид бүхэнд бий. Миний зорилго таныхаас тэс өөр байж болох ч утга учиртай амьдрахыг хүн бүр хүсдэггүй гэж үү?

АХ АА, ЭГЧ ЭЭ, НАЙЗУУД АА, ТАНЬДАГГҮЙ ТАНИЛУУД АА, ДҮҮ НАР МИНЬ,

Юуны төлөө өөрийнхөө тархинд орж ирэхгүй үгсийг Pinterest эсвэл хэн нэг хүний бичсэн номноос хуулан бичиж, бусад хүмүүст өөрсдийг нь "өчүүхэн" мэт сэтгэгдэл төрүүлнэ вэ? Юуны тулд бусад хүмүүсийг өөрөөсөө "муу" хэмээн мэдрүүлж байж өөртөө сэтгэлийн баяр баясгаланг авчирна вэ?

Дэргэд дэх найз чинь тань шиг сайхан фигуртай биш байж болно. Байгалийн сайхныг зүгээр л мэдрээд сайхан амарчихаад ирэхийн оронд яг юуны төлөө тэр үнэтэй цагаа зөвхөн бусад хүмүүсийг доош хийх зураг авахуулахад зарцуулна вэ? Тийшээ анхнаасаа явсан зорилго чинь юу юм бэ? Тэгээд бас бусад хүмүүсийг яагаад хэтэрхий олон зураг хийлээ гэж дотроо шүүмжилнэ вэ?

Би ч мөн үнэнээ өчье. Хадан хясааны оргил дээр иог хийж зогсож байгаа иогийн багш нарын зургийг хараад би биширдэг байсан нь үнэн. Гэхдээ иогийн зорилго сэтгэлийн амар тайван байдал, аюулгүй мэдрэмж биш гэж үү? Тэгээд надад хэлээч, юуны төлөө?

2018 оныг сэтгэлийн дайнгүй жил байлгахыг би хүснэ. Бусад хүмүүст сөрөг сэтгэгдэл төрүүлэх зорилготой бус зөвхөн өөрийгөө аз жаргал дүүрэн, хэлэхийг хүссэнээ хэлж, хийхийг хүссэнээ хийхийг би хүснэ. Шүүмжлэлт орчлонгоос тасрахыг хүснэ. Бусдын бодлоос ангид байхыг би хүснэ. Сэтгэлдээ байсан үнэн үгсээ би бичлээ. Бичихэд хэцүү байсан надад итгээрэй. Гэхдээ энэхүү влогоос нэгийг ухаарсан бол та намайг одоо шүүмжлэх учиргүйсэн билээ...

Сэтгэл амар байхсан. Нээрээ л сэтгэл амар байхсан даа... Санаагаа бага зовоохсон...

~DZAYA~


Tag Cloud

Нийтлэлээ имейлээр хүлээн аваарай!

Бүртгүүлэх:

Email

  • Facebook Social Icon
  • Instagram Social Icon
  • SoundCloud - Black Circle
Намайг дэмжээрэй!
Онцгойлох нийтлэл

Zaya Delgerjargal

I study Environmental Studies and Economics at University of Washington.

I write, read, dance, and sing.

  • Instagram Social Icon

No Impact Man

Зохиогч: Colin Beavan

Байгаль орчинд хэрхэн ээлтэй амьдрах

Speaker: Elizabeth Gilbert

Ted talk: Хэрхэн дарамт өөртөө учруулахгүйгээр бүтээлч сэтгэлгээтэй байх

Монгол Улсын Түүх

Зохиогчид: МУИС-ийн Түүхийн Тэнхим

Их сургуулийн оюутнуудад зориулсан сурах бичиг

Please reload

Энэ 7 хоногийн ухаарлын жагсаалт
bottom of page