top of page

Ухаарлын 7 хоног #5 - Талархал

Энэ 7 хоногт Талархлын баяр болж буйг тохиолдуулан сэтгэл түгшээсэн байгаль орчны асуудлаар эргэцүүлэмж бичихгүй байхаар шийдлээ. Гэхдээ нэгэнт блог маань "Ухаарлын"-х учир нэгийг ухаарахгүйгээр 7 хоногийг өнгөрөөж яаж болох билээ? Ингээд танд нэгэн сонирхолтой түүхийг хүргэе.

Блогийн фото зурагчин Б. Хангай. Instagram: hann.bold.cr2

Жеорж Страттон гэх эрдэмтэн 1800-аад оны сүүл үеэр өөрийн нэгэн алдартай туршилтаа явуулснаар түүхэнд нэрээ үлдээсэн байдаг. Уул шугамандаа бол тэрээр зүгээр л нүдний шил зүүж хэд хоносон хэрэг. Жеорж хүний тархи хэрхэн дүрс хүлээж авч, байгаа зүйлсийг байгаа чигээр нь хардаг талаар ихээхэн сонирхдог байж. Яагаад бид юмсыг яг байгаагаар нь хараад байгаа хэрэг вэ? Яаж?

Туршилтын процессыг би товчхон тайлбарлая: Жеорж 180 градус эргүүлж харуулдаг нүдний шил зохион бүтээж, түүнийгээ нүднээсээ огт салгалгүйгээр 8 өдөр зүүхээр болжээ. 180 градус эргүүлнэ гэхээр зөвхөн шал чинь тааз болж хувираад зогсохгүй. Таны баруун талд хүн даллавал та түүнийг зүүн талд чинь байна гэж харах юм. Тэнгэр доор харин газар дээр, аягатай цайгаа доороос дээш нь асгаж байгаа мэт уух хэрэгтэй болно. Үүгээрээ Жеорж тархи ямар хариу үйлдэл үзүүлэхийг харах гэсэн хэрэг. Тархи орж ирсэн дүрсийг зүгээр л тэр чигээр нь хүлээж авдаг уу? Эхний хэдэн өдөр Жеорж өрөөн дотроо ийш тийшээ баахан бүдэрч унасан гэдэг. Наад зах нь гараа харах гээд доош харахад өөрийнх нь гарын алга нүдэнд нь дээрээс доош чиглэлтэй, хэн нэг өөр хүнийх шиг харагдаад байжээ.

Харин 5 дахь өдрөөс эхлээд учир нь үл ойлгогдох нэг зүйл болж эхэлсэн байна. "Vision Without Inversion of the Retinal Image" бүтээлдээ тэрээр "Би 5 дахь өдрөөс бүгдийг хэвийн харах болсон" гэж бичжээ. "Хэвийн" гэдэг нь нүдний шил зүүгээстэй хэрнээ нүдний шилгүй мэт орчлон ертөнцийг яг байгаагаар нь харж байсан гэх санаа юм. Тэрээр өөрөө хичээх шаардлага ч байсангүй. 5 дахь өдөр нь түүний тархи өөрийн мэдэлгүй юмсыг "хуучин байх ёстой" хэвээр нь харж, харин Жеорж өөрөө анхаарлаа төвлөрүүлвэл харж байгаа дүрс нь буцаад 180 градус эргээд "буруу" харчихаад байсан байна. Харин 8 дахь хоног гэхэд эргэн тойронд байгаа бүх зүйлс хичээсэн хичээгээгүй "хэвийн" харагдах болов. Яг л харагдах ёстойгоороо... Шилээ авчихсаны дараа дахиад 5 хоног бүгдийг "зөв" болтол хүлээх хэрэгтэй байсан болов уу гэж бодож байна уу? Гэхдээ шилээ авсных нь дараа хүлээх ч шаардлагагүйгээр бүх зүйл тэр дороо "хэвийн" харагдаж байсан байна.

Тархи ийм л гайхамшигтай аж. Жеорж Страттоны энэхүү туршилтыг тархины дасан зохицолтын тухай туршилт гэж зарим судлаачид нэрлэдэг. Энэ нь маш оновчтой нэр шиг санагддаг юм. Ердөө тавхан хоногийн дотор урвуу харчихсан байсан бүхнийг зөв харуулах механизмыг бид дасан зохицох чадвар гэдгээс өөр ямар оновчтой үгээр тодорхойлно гэж?

Талархал:

Энэхүү түүхийг Талархлын баяраар бичиж сууна. Юуны түрүүнд ийм гайхалтай тархитайдаа талархъя. Гэхдээ зоос хоёр талтай гэдэг дээ...

... Дасах чадвараасаа болоод "буруу" зүйл хэсэг хугацааны дараа "хэвийн" санагдаж эхэлнэ. Гудамжинд орон гэргүй хүмүүсийг хараад та хамгийн эхлээд өрөвдөж мэднэ, туслахыг хүсч мэднэ, аль эсвэл засгийн газар болоод эдийн засгийн нөхцөл байдлыг буруутгаж мэднэ. Харин хэсэг хугацааны дараа эдгээр асуудал "байдаг л нэг" асуудал болж хувирна. Эцэст нь шийдэгдэж байгаа асуудал гэж үгүй.

"Сайхан" зүйл хэсэг хугацааны дараа "энгийн" санагдаж эхэлнэ. Сайхан найз тань танд байдаг л санагдаж, шинээр авсан юмс хуучирч, 100 жилийн өмнө энэ дэлхий дээр амьдарч байсан хүний мөрөөдөөд ч үл хүрэх амьдралд умбаж явахдаа та өөрийнхөө амьдралыг "байдаг л" гэж тодорхойлно. 100 жилийн өмнөх хүмүүс мөрөөдөх нь аргагүй л дээ, Дэлхийн 1-р дайн болж байсан юм чинь... Гэхдээ бид өнөөдрийн амьдралдаа талархдаг бил үү?

Тархи ийм хурдан дасах чадвартай байхад "байдаг л биш" амьдралыг бүтээх хэцүү. Та мөрөөдөлдөө хүрлээ, мөрөөдсөн амьдрал тань нэг өдөр "байдаг л" санагдаж эхэлнэ. Шалбаагт хэт удаан байвал өөрийгөө мөн мэлхий гэж бодож эхэлнэ. Тиймээс байдаг л амьдралаасаа та өөрөө юу болж байгааг, юу болохгүй байгааг нь олж харах ёстой. Харин өнөөдөр Талархлын баярын өдөр. Би таныг өнөөдөр амьдралаасаа санаа зовоосон асуудлуудаа түр хойш тавиад зөвхөн болж бүтэж байгаагаа анзаараад түүндээ чин сэтгэлээсээ талархаасай гэж хүсч байна. Өнөөдөр бол бэлэг.


Tag Cloud

Нийтлэлээ имейлээр хүлээн аваарай!

Бүртгүүлэх:

Email

  • Facebook Social Icon
  • Instagram Social Icon
  • SoundCloud - Black Circle
Намайг дэмжээрэй!
Онцгойлох нийтлэл

Zaya Delgerjargal

I study Environmental Studies and Economics at University of Washington.

I write, read, dance, and sing.

  • Instagram Social Icon

No Impact Man

Зохиогч: Colin Beavan

Байгаль орчинд хэрхэн ээлтэй амьдрах

Speaker: Elizabeth Gilbert

Ted talk: Хэрхэн дарамт өөртөө учруулахгүйгээр бүтээлч сэтгэлгээтэй байх

Монгол Улсын Түүх

Зохиогчид: МУИС-ийн Түүхийн Тэнхим

Их сургуулийн оюутнуудад зориулсан сурах бичиг

Please reload

Энэ 7 хоногийн ухаарлын жагсаалт
bottom of page